Бидний хувьд мэддэг хэмээн санадаг ч үнэндээ мэддэггүй хичнээн олон явдал түүхийн харгуйд бүдгэрэн хоцорсон байна вэ? Энэ бүхний нэгнийх нь тухай та бүхэнд дэлгэн хүргэе үү.

Бид бүхний мэдэхээр “Цогт тайж” хэмээх түүхэн киноноо Чингис эзний алтан ургийн сүүлчийн хаан болох Лигдэн хутагт хаан Манж улсын Абхай хаан лугаа тэмцэлдэн цохигдоод буруулан дутааж хөх нуурын газраа одон Чингис хаанаас уламжилсан Монголын их хааны тамгыг нуун далдлаад өвчний учир бие бардаг билээ. Тэгвэл үнэндээ Монгол хаадын тамганы түүхийн бодит үнэнийг өгүүлэхээр зорилоо.

Чингис хаанаас өмнө Монголын нэгэн их аймаг болох Найман аймгийг захирч байсан Таян хан хэмээх Байбухын тамга хэрэглэж байсан нь түүхэнд тодорхой тэмдэглэгдэсэн бөгөөд Чингис хаан тамга хэрэглэсэн явдал ч түүнтэй холбогдон үүсчээ. Монголын нууц товчоог сөхөн үзье.

 

“Таяны аймгаас нэгэн хүн дутаав. Хасар түүнийг барь гэсэнд Бат гүйцээд амьдаар барин ирэв. Үзвэл өвөрт нь нэгэн тамга бий. Хасар өгүүлрүүн: “Танай олон аймаг цэрэг цөм манийг дагаж байхад чи энэ юмыг өвөртөлж хааш одно” гэвэл тэр хүн өгүүлрүүн: “Миний бие тушаалын газраа үхтэл сахина. Энэ тамгыг хучин эзэндээ хүргэж өгье гэсэн билээ. Аз дутаж баригдав.” Хасар өгүүлрүүн: “Чи аль овгийн хүн, ямар тушаалтай вэ? Тэр хүн өгүүлрүүн: “Би язгуураас уйгар газрын хүн. Нэр Тататунга. Миний эзэн энэ тамгыг надад тушааж эд идшийг гаргах ба оруулах явдлыг надад тушаасан билээ.” Хасар бас асууруун: “Энэ тамгыг юунд хэрэглэнэ?” Тататунга өгүүлрүүн: ”Сайн хүнийг сонгож зарлиг бичиг явуулах аливаа үйлсэд хэрэглэнэ” гэвэл Хасар сайшааж шударга элбэрэлт хүн гэж Тэмүүжинд мэдүүлж аливаа бичиг явуулахад хэрэглэхээр тэрхүү тамгыг Тататунгад тушаав.” хэмээн Монголын нууц товчооны Ван хан сөнөсөн нь хэмээх долоодугаар бүлгийн 196-д өгүүлжээ. Энэ бол Чингис хаан тамга хэрэглэсэн анхны албан ёсны баримт болно.

 

Түүнчлэн Чингис хаан эхлээд миний төсөөлөн бодож байгаагаар бол мөнөөх Таян ханы хуучин тамгыг хэрэглэсэн ч байж болно. Гэвч Чингис хаан билгийн улирлын тооллын гуравдугаар жарны гал улаан бар жил буюу гаргийн тооллын 1206 онд бүх Монголын нэгдсэн төрийг байгуулж Их Монгол улсын хааны сууринд өргөмжлөгдсөнөөс эхлэн нийт Монголыг захирсан агуулгатай шинэ тамга хэрэглэсэн нь эргэлзээгүй зүйл юм. Энэ нь одоо болтол Ватикан хотноо бүхий Ромын Папын архивт хадгалагдаж буй Монголын  их хаан Гүюгийн төрийн бичигт хэрэглэсэн цул Монгол үсгээр сийлсэн тамгын дардас хэрэг дээрээ Чингис хааны тамга болно.  Чингис хааны үеэс үүсгэн үйлдсэн энэхүү Моголын их хааны тамга хаант Монгол улсын дөрөвдэх их хаан Мөнхийн үе болтол хэрэглэгдэж, Хубилай хааны гарт ороод хэрэглээнээс гарсан нь бас тодорхой тэмдэглэлтэй юм.  Жишээ өгүүлсүү:

Өгөдэй эцэг Чингис хааны их орыг залгамжилсаны дараа мөнөөх Тататунгагаар “Хас тамга болон дотоод ордны эд эрдэнийг хамааруулахаар тушаажэээ”. Өгөдэй хааны энэ Хас тамга Чингис хааны хэрэглэж байсан тамга болох нь дамжиггүй. Түүний дараа 1246 онд Өгөдэй хааны ахмад хөвгүүн Гүюг хаант Монгол улсын гурав дахь их хаан орыг залгамжлах үед Европ дахины Пап ламд явуулсан төрийн бичигт энэ тамгыг дарсан байжээ. Энэ бол манай үе болтол хадгалагдаж ирсэн Монголын их хааны тамгын ул мөр болно. Гүюг хааны дараа Монголын их хааны ор Чингис хааны дөтгөөр хөвүүн Тулуй эзний ахмад хөвгүүн Мөнхөд шилжсэн тул Монголын их хааны тамга ч Мөнхөд шилжсэн байх учиртай.

 

Мөнх хаан 1259 онд нас барсны дараа түүний гутгаар хөвүүн Өрүндаши Монгол- Алтайн орчим нутаглаж байжээ. Тэр үед Мөнх хааны дүү Аригбөхийн мянганы ноёд Алтайн хавь газарт хүрч “Бид цэрэг морио авч их хаанд /өөрөөр хэлбэл Хубилай хааныг хэлж байна./ бууж өгөх санаатай. Энэ тухай таны саналыг сонсъё. ” гэж Өрүндашийн дэргэд хүн томилон хэлүүлжээ. Энэхүү сануулгыг Өрүндаши зөвшөөрсөн бөгөөд “Аригбөхийн ордонд түргэн элч томилон, түүнээс эцгийнхээ /Мөнх хааныг хэлж байна./ нэгэн том Хас тамгыг авахаар шаарджээ. Аригбөх тэр тамгыг нь тушаан өгчээ.” Ингээд Өрүндаши Аригбөхийн мянганы ноёдын хамт цэрэг морио авч Хубилай хааны дэргэд хүрсэн байна. Энэхүү “Том хас тамга” гэдэг нь Чингис хааны үеэс уламжилсан их Монгол улсын Далай хааны Хас эрдэнийн тамга болох нь дамжиггүй. Энэ тэмдэглэл тэр үеийн бодит байдалтай яв цав тохирч байна. Тухайлбал Мөнх хаан их ор суусныхаа дараа 1257 оноос биеэр өмнөд Сүн улсыг дайлах байлдаанд мордсон тул их хааны тамгыг дайны газарт аваачаагүй нь тодорхой бөгөөд өөрөө ч 1259 онд байлдааны талбарт нас баржээ. Тиймээс юуны түрүүнд их хааны тамгыг гардан хадгалж төрийн хэргийг хамааран үүлдсэн дүү Аригбөх нь Хархорумд биеэ их хаанаар өргөмжилсөн байв.

 

Дараа нь Тулуй эзний гутгаар хөвүүн Хубилай байлдааны талбараас буцаж ирээд хожим их  Юань улсын хаадын зуны орд буюу дээд нийслэл Шанду хэмээгдэх болсон өөрийнхөө хувь өмчийн газар Кайфенд өөрийгөө их ор залгамжлав хэмээн тунхаглажээ. Энэ үед Монголын их хааны тамга Аригбөхийн гарт байсан нь зайлбаргүй. Ингээд ахан дүүс Хубилай Аригбөх нар хоорондоо байлдаж Хубилайн ялалтаар Монголын их хааны суурь Хубилай болон түүний хойчист  шилжсэн билээ.   Их Монгол улсын далай хааны тамгыг Хубилай хаан цаашид хэрэглэсэн үү гэвэл ийм тэмдэглэл харагддаггүй бөгөөд Хубилай хаан бүх Юань улсын хууль журамд тохирсон өөр тамга хэрэглэсэн нь түүхэнд тэмдэглээтэй юм.  Тиймээс Чингис хааны үеэс уламжлан ирсэн Их Монгол улсын далай хааны Хас эрдэнийн тамга ч Хубилайн гараар дууссан бололтой. Хубилай хааны гардан байгуулсан их Юань улс бол Хаант Монгол улсыг багтааснаар зогсохгүй бүх Хятадын нутаг дэвсгэрийг багтаасан өргөн их хаант улсын хувьд Хубилай хаан бүх талаар эртний Хятадын хууль засаг, дүрэм, тогтоолыг хэрэгжүүлсэн байна. Үүний дотор тамгын дүрэм ч багтаж байсан. Хятадын хааны тамгын дүрэм маш эртнээс Хятадын анхны нэгдсэн төр их Цин улсын Цин Ши Хуандигаас уламжилж иржээ. Тэр цагт хааны тамгыг “Ши” гэдэг байв. Харин Тан улсаас хойш “Бау” буюу Эрдэнэ гэдэг болжээ. Гэвч Хятадын сүүлчийн төрүүдэд тамгын тоог харилцан адилгүй хэрэглэж байв. Жишээ хэлбэл: Монголчуудын мөхөөсөн өмнөд Сүн улсын хаад 14 тамгатай байжээ. Юань улсын үед Сүн улсын тамгын дүрмийн ихэд өөрчилж хааны тамгыг наймаар тогтоожээ. Тамгыг нэрийдэх нэрийг Тан улсаас улирсан ёсоор “Бау” гэж нэрийджээ. Юань улсын найман Бау тамга нь доорх мэт.

  1. “Шэү минь бау” буюу “Зарлигийн тамга”
  2. “Чувань күвэ бау” буюу “Төрийн сулд тамга”
  3. “Тиянь зи хэ бау” буюу “Тэнгэрлиг эзний тамга”
  4. “Хуанди хэ бау” буюу “Хааны тамга”
  5. “Тиянь зи син бау” буюу “Тэнгэрлиг эзний албан тамга”
  6. “Хуанди син бау” буюу “Хааны албан тамга”
  7. “Тиянь зи синь бау” буюу “Тэнгэрлиг эзний итгэмжийн тамга”
  8. “Хуанди синь бау” буюу “Хааны итгэмжийн тамга” эдгээр болно.

Энэ найман тамга дотроос “Төрийн сүлд тамга” болон “Хааны тамга”-ын талаар тусгайлан дурдъя.  Энэхүү”Төрийн сүлд тамга” бол Их Цин улсын Цин Ши Хуандигаас уламжилсан Хятадын төрийн сүлд тамга болох бөгөөд нэг ёсондоо шинэ төр барьсан хаан нь өмнөх мөхсөн төрөөс уламжлан авдаг байжээ. Гэвч Юань улсын Шицзү хаан Хубилай сэцэн хааны төр барьж асан нэгэн үед энэ тамгыг уламжлан авч чадаагүй юм. Харин Хубилай хаан наснаас нөгчсөн тэр Жи Юаньны 31-р он буюу 1294 оны хөх морин жил өвөг хааныхаа их орыг залгамжилсан Төмөр Өлзийт цолтойгоор  хаан ор суух үед  Чингис хааны их жанжин улсын Го ван Мухулайн жич хөвүүн Шиде гэгчийн гэрээс нэгэн эртний тамга олджээ.

Эртний Цин Ши Хуанди

Тэр тамгыг төв бичгийн мужийн сайд Цүй Иүй болон төрийн түшмэл Ян Хуань нар уншиж эртний Цин Ши Хуанди хааны Төрийн сүлд тамга мөн хэмээн тодорхойлж Төмөр хааны эх Хөхжин хатанд өргөжээ. Их хатан биеэр Төмөр хаанд тушаан өгчээ. Ингээд Юань улс Хятадын уламжлалт төрийн сүлд тамгыг олов гэдэг билээ. Тэрхүү тамгын агуулга нь “Тэнгэрийн бошгот Өлзий хутаг өнөд мөнх” гэсэн үгийг эвхмэл үсгээр бичжээ. Гэвч энэ нь төдий л бүрэн оновчтой утга бус юм. Хятад сурвалж бичгийг үндэслэвэл уг тамгын үг нь иймэрхүү ойролцоо агуулга бүхий байсан гэж үздэг. Гэхдээ Цин Ши Хуандигаас уламжилсан Лантияан хасаар үйлдсэн ууган тамгыг нь зүүн Хань улсын Сянь Ди хааны үед алдсан гэдэг тул түүнээс хойших хаадын уламжлан ирсэн энэхүү “Төрийн сүлд тамга”-ыг хуурмаг тамга гэдэг билээ. Тэр ч байтугай энэ тамгыг Төмөр хаанаас хойших Юань улсын хаад төрийн уламжлалт сүлд тамга болгон тасралтгүй уламжилсаар ирсэн нь лавтай юм.

“Хуанди хэ бау” буюу хааны тамга гэдэг нь тун өвөрмөц онцлогтой байжээ. Энэ тухай мэдээ ба тамгын дардсыг БНХАУ-д хэвлэгдсэн “Сүй, Тан улсаас нааших албан тамгын цуглуулбар” хэмээх номд мэдээллэсэн байдаг. Тус номд Юань улсын үеийн 35 тамгын нэг болох Чингис хааны дүү Ди ван Хавт Хасарын дэд хүү Есүнгэгийн тамгыг оруулсан байна. Түүний тайлбарт “тус тамгыг Шаньси” мужийн зүүн өмнө орших Шань Ян газрын Дин овогт хүн хадгалж байв. Эдүгээ хаана байхыг үл мэднэ. Тамганд бариул үгүй. Харин тамгын ард өөр нэгэн маш сонирхолтой тамгыг сийлсэн ажээ. Энэхүү тамга нь гурван мөр үсэгтэй. Түрүү мөр нь Монгол үсэг, дараа мөр нь Самгарид үсэг, сүүлчийн мөр нь “Хэ бау” гэсэн хоёр эвхмэл үсэг буруу талд нь буй.” гэжээ.  Харин эл тамгын учир агуулгыг эрдэмтэн Зууннаст гуай шинжлэн үзээд Монгол хэлнээ дөрвөлжин үсгээр бичснийг нь “Хуанди”, Самгарид үсгээр бичснийг нь ”Өлзий хутаг” гэсэн агуулгатай гэж дүгнэсэн бөгөөд Юань улсын нэгэн хааны тамга гэж үзжээ. Дараа нь Ван Нень Ху гэгч Зууннастын саналтай адилавтар саналыг дурьджээ. Энэ тамгыг Пагвагийн дөрвөлжин үсэг зохиогдсон 1269 оноос хойш үйлдсэн нь тодорхой юм. Лүвэ Женьиүй тэс тамгыг “Есүнгэ их вангийн тамга”-ны ард сийлсэн гэсэн нь бодит байдалтай нийцэмгүй. Учир нь энэхүү хааны тамгын хэмжээ нь 12,6 см ам дөрвөлжин, Зууннаст гуайн хэмжилтээр бол 12,5 см байхад, Есүнгэ вангийн тамга 11,2 см ам дөрвөлжин байв. Иймээс чухамдаа бага тамгыг их тамгын ард сийлж болохоос биш их тамгыг бага тамгын ард сийлнэ гэдэг байж болшгүй. Тэгэхээр Есүнгэ вангийн тамгыг энэхүү хааны тамгын ард сийлсэн гэвээс зүйтэй бөгөөд хожим нь хүмүүс засварлан үйлдсэн гэж үзэлтэй.

Юань улсын түүхэнд Хавт Хасарын дэд хүү Есүнгэ ванд  Хубилай хааны Чжүн Түнгийн 3-р оны 4-р сард буюу аргын тооллын 1262 онд алтан үсэгтэй тамга шагнав гэсэн тэмдэглэл байдаг бөгөөд энэ Пагва ламын дөрвөлжин үсэг бүхий хааны тамгаас өмнөх явдал болно. Тиймээс энэ хоёр тамгыг нийлүүлж сийлсэн явдал нэлээд хожим болсон онцгой нэгэн хэрэгцээний ажил байсан нь илэрхий байнам. Миний үзэж байгаагаар бол ингэж үйлдсэн нь умард Юань улсын үед үйлдсэн хэрэг болох юм. Учир юун хэмээвээс умард Юань улсын хаадын дотор Чингис хааны төрсөн дүү Ди ван Хавт Хасарын хойч Адай гэгч 1425 онд их хааны орыг түр залгаж 1438 онд хороогджээ. Түүнээс хойш Хасарын хойчис дахин Монголын их хааны орыг залгамжлаагүй бөгөөд үүнийг Монголын түүхэнд нэгэн онцгой явдлаар үздэг билээ. Ийм учраас Адай хааны хэрэглэж байсан тэр тамга нь түүний хойчист нуугдан үлдэж Хасарын үр хойчис нэгэн үе ч гэсэн Монголын их хааны ор суусан тэрхүү түүхэн явдлаа мөнхөд тэмдэглэхийн тулд Хасарын хоёрдахь хүү түүх шастирт алдар цуутай Чингисийн чулууны бичигт нэрийг нь сийлж мөнхлөсөн Есүнгэ мэргэний тамгыг хааны тамгын ард сийлсэн болов уу гэж бодном. Магадгүй Адай хаан өөрөө Есүнгэ мэргэний үр хойч ч байж мэдэх юм. Энэхүү хааны тамга нь хаан төрийн эрхийг залгамжлах сүлд тамга биш болохоор түүх шастирт төдийлөн тэмдэглэдэггүй байна. Харин өмнө дурдсан Мухулай жанжны  жич хөвүүнээс өргөсөн тамга бол Юань улсын Ү Цзүн хаан Өлзийт Төмөрөөс Юань улсын эцэс үе болтол үе улиран залгамжилсан хаан төрийн сүлд тамга болно. 1368 онд Тогоонтөмөр хаан төрөө алдаж нийслэл Дайдү хотоосоо “ханцуйлан гарсан Хас бау тамга” гэдэг нь тэрхүү Хятадын хааны төрийн сүлд тамгыг багтаасан Монголын их Юань улсын хаадын тамга байсан нь дамжиггүй юм. Ингээд Мин улс эцэслэтэлээ хаан төрийн сүлд тамгыг олсонгүй гэдэг билээ. Тогоонтөмөр хаанаас хойш умард Юань улсын үед хаан төрийн эрх мэдэл булаалдах явдал тасралтгүй гарч байсан тул төрийн тамга ч олонтоо алдагдаж гээгдэж байв. Жишээлбэл: Өлзийтөмөр хаан /зарим сурвалжид Буяншири гэх/ Мин цэрэгт сүрхий дийлэгдэж зөвхөн долоохон морьтны хамт Хархорумд  дутаан хүрчээ. Дараа нь Ойрадад очсонд Ойрадын эзэн  Махму буюу Батула чинсан түүнийг хороов. Үүнээс умард Юань улсын үе улирсан хаан төрийн сүлд тамга Ойрадын гарт оров гэдэг билээ. Тэгээд Батула чинсан “Дэлбэгийг хаан өргөмжилсөний хамт эртний Юань улсын хаан төрийн уламжлалт тамгыг Мин улсад өргөх” –өө илэрхийлжээ. Гэтэл Батула чинсан хэрэг дээрээ энэхүү тамгыг Мин улсад өгсөнгүй. Үүнээс сүүлд 1357 онд Татарын /Зүүн Монгол/ Булай тайш “их Юань улсын төрийн уламжлалт тамгыг Ойрадаас булаан авч Мин улсын хаанд өргөнө” гэж хэлсэн боловч үнэндээ Маркус хаанд өгчээ. Үүнээс бүүр хол сүүлд Монголын Батмөнх даян хааны жичэнцэр хөвүүн 1593-1603 онд их хаан ор суусан Буян сэцэн хааныг умард Юань улсын их хааны сууринд суусан тухай Лувсанданзаны бичсэн “Алтан товч”-д мэдээллэхдээ “Бас түүний хойно Буян сэцэн хаан Эрдэнэ шашин номыг дэлгэрүүлж эртний Тайсун хааны алдсан тамгыг авч энэ төрийн улам байгуулж эн их улс иргэнээ амарлуулав.” гэж тэмдэглэжээ.

 

Үүний дараа Буян сэцэн хааны ач хүү Лигдэн хутагт Чингис хаан умард Юань улсын сүүлчийн их хаан орыг залгамжилсан тул хаан төрийн сүлд тамга ч Лигдэн хааны гарт шилжжээ. Лигдэн хаан 1634 онд манж нарт ялагдсанаас хойш Монголын хаадын үе улиран барьсан хаан төрийн сүлд тамга  манжийн хожуу алтан улсын хоёр дахь хаан Хуан тайж Абахайн гарт оржээ. Энэ тухай “Богдын цэрэг дайны тэмдэглэл” гэдэг номд “Тайцзүн Вень хаан Тяньцзүнгийн 9-р он /1635/ Юань улсын Сиюү Ванзигийн /Даян хааны Хятад сурвалж бичигт ингэж тэмдэглэдэг/ хойч Цахар аймгаас хаан төрийн уламжлалт тамгыг олж авсан бөгөөд Монголын 49 бэйл болон Түмэд 2 хошуу нийлэлдэн хаан цол өргөн оны нэрийг Зүн де хэмээн өргөмжилсөн /1636 оноос эхлэн хэрэглэжэ/ явдал болбоос манай Дай Чин улс тэнгэрийн бошго хүлээсэн цаг билээ” гэж тэмдэглэсэн буй. Ийнхүү умард Юань улсын хаан төрийн сүлд тамга ч  энэ мэт хаан төрийнхөө хамт дуусчээ.